Ямарваа нэгэн /интерьер дизайн/ орон зайн загвар бүтээхэд тухайн орон зайн зориулалт болон зорилго, мөн ямар хүн хэрэглэх талаар бодолцож үзэх хэрэгтэй юм. Хүүхдийн тоглоомын өрөөнд өндөр үнэтэй тансаг тавилга үслэг хивс дэвсэхгүй нь ойлгомжтой санагдахтай адил хэрэв бид шөнө сайхан амрахад зориулсан унтлагын өрөөнд анхаарал сарниулсан орчин үүсгэж комьпютер зэргийг тавихгүй билээ.
Бидний энэ практик туршлагаас гадна орон зайн төгс загвар гаргахад өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Гэрэлтүүлэг
- Орон зайн мэдрэмж
- Чимээ
- Өнгө
- Үнэр
Хүрээлэн орчны сэтгэл зүйчдийн судалгаагаар бидний хүрээлэн буй орчин хүмүүсийн мэдрэмж, ямар нэгэн зүйлд хариу үйлдэл хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэсэн байна. Тиймээс өөрсдийгөө тухгүй, ядарсан, гунигтай мэдрэмж төрүүлэхээс сэргийлэн интерьер дизайн буюу орон зайн дотор засал чимэглэлд анхаарч хүний зан байдалд эерэг нөлөө үзүүлэх орчинг бүрдүүлэх хэрэгтэй юм.
1. Гэрэлтүүлэг
Сэтгэл зүйчийн жишээ болгож ярьсан өрөөний талаар дурдъя. Хүнийг тайван чөлөөтэй, нээлттэй ярихад тухайн өрөөний гэрэлтүүлэг нөлөөлж чадах бол уу? Японы Токио хотын Нихон Их Сургуулийн Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн дээд сургуулийн судалгаа олж тогтоосноор бүдэг бүүдгэр гэрэлтүүлэг хүнд илүү тайвшруулсан мэдрэмж төрүүлдэг бол өрөөний гэрэлтүүлэг гэгээтэй байх тусам харилцагчийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж хувь хүнийг илүү нээлттэй болгодог байна.
Гэрэлтүүлэг хүний зан байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулах тод жишээ бол хоолны салбар юм. Түргэн хоолны газрын борлуулалт үйлчлүүлэгчдийн түргэн эргэлтээс ихээхэн хамаардаг, тиймээс гэгээтэй гэрэлтүүлэг, тухтай биш энгийн сандал ойр ойрхон байрлуулж, тод өнгүүдийг сонгож, хүмүүс хоолоо түргэн идээд гарахад нөлөөлдөг байна. Харин үйлчлүүлэгчдэд хоолны гайхамшигийг мэдрүүлэх өндөр үнэтэй зоогийн газруудтай харьцуулбал бүүдгэр бүдэг гэрэлтүүлэг, намхан ширээ, тухтай буйдан, хувийн орон зайг илүү чухалчилсан байдал нь үйлчлүүлэгчдийг илүү удаан тухлан суух, түүнчлэн дахин өндөр үнэтэй дарс захиалахад хүргэдэг байна.
2. Орон зайн мэдрэмж
Зай ихтэй өрөөнөөс илүү пиг дүүрэн зай муутай өрөө нь хүний зан байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хаалттай, зай муутай мэдрэмжийг төрүүлдэг хүчин зүйлүүд нь намхан тааз, жижиг цонх, байгалийн гэрэл муу, бүгчим халуун өрөө, нарийн зайтай өрөө, эсвэл тавилга дэндүү ихтэй өрөө, бусад эд хогшилууд нь чөлөөтэй зайг дүүргэсэн байдлууд юм. Эдгээр нь нийлээд хүнд тайвшруулсан, тохилог байхаас илүү ядаргаатай, бухимдангүй орчинг бүрдүүлдэг байна.
Мөн бид харилцаандаа ямар нэг бэрхшээлгүй байхад анхаарах хэрэгтэй. Жишээ нь: сэтгэл зүйчийн өрөөнд үйлчлүүлэгч, зөвлөх хоёрын голд том ширээ байхын оронд, суудал нь тэдний хооронд эрүүл харилцаа үүсгэхээр зохицуулагдсан байвал үйлчлүүлэгч илүү нээлттэй байж чаддаг байна. Гэсэн хэдий ч энэ нь ажилчин, менежментийнхнийг тодорхойлсон хэлтэс байгуулах гэж буй том корпорацийн оффисд тохиромжгүй юм.
3. Чимээ
Чимээ нь мөн бидний мэдрэмжинд сөрөг нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл юм. Компьютер, машины хүнгэнэх дуу, хөргөгч, чийдэнгийн цахилгааны дүнгэнүүр чимээ, гудамжны машин замын чимээ тухайн хүн ямарч өрөөнд байсан ялгаагүй хүний бухимдлыг нэмэгдүүлдэг байна.
4. Өнгө
Өнгөний нөлөөллийн талаар маш их судалгаа хийгдсэн байдаг билээ. Хамгийн энгийн түвшинд, улаан өнгө бол эрч хүчтэй, анхаарал татдаг бөгөөд хүсэл тэмүүлэл, хайр дурлалтай холбоотой байдаг. Цэнхэр бол хүнийг тайвшруулж, хүнд итгэл найдвар төрүүлдэг, тиймээс бизнест ихээхэн хэрэглэгддэг. Ногоон бол байгалийн өнгө бөгөөд нүдийг ядраадаг шар өнгөтэй харьцуулбал нүдэнд амар бөгөөд анхаарал төвлөрөхөд тустай байдаг. Цайвар зэвхий өнгөнүүд өрөөний орон зайн мэдрэмжийг нэмэгдүүлж, зайг илүү мэдрүүлдэг. Аливаа өрөөнд ямар мэдрэмж төрүүлэх өнгөний төгс зохицлыг сонгосон ч та өөрөө эцсийн шүүгч юм.
5. Үнэр
Тааламжтай үнэр нь тухайн өрөөний гоо үзэмжийг нэмэгдүүлж чаддаг бол эсрэгээрээ муухай тааламжгүй үнэр ямарч төгс орон зайг гутаадаг байна. Үл хөдлөх хөрөнгийг зардаг агентуудын хамгийн сайн мэддэг аргуудын нэг юм. Шинэхэн кофений үнэр, дөнгөж барьсан талхны үнэр гэрийг илүү урин дуудсан, сэтгэл татсан болгодог бол хурц хүнд хоолны үнэр нь эсрэг үйлчилгээтэй байдаг. Анхилуун үнэртэй ваартай цэцэг, лааны тусламжтайгаар та өрөөндөө тааламжтай сэтгэгдлийг төрүүлж чадна.